/ / Төрийн төв байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудад Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг танилцуулав

Төрийн төв байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудад Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг танилцуулав

Авлигатай тэмцэх газраас “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах нь” сэдэвт сургалтыг 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “Олон нийтийн төв”-д зохион байгууллаа.
 
Сургалтад төрийн төв байгууллагын 120 гаруй эрх бүхий албан тушаалтан оролцож, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, түүнд тусгагдсан ил тод байдлын асуудал, албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлэгт тавих хяналт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлт, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулаагүй этгээдэд хүлээлгэх хариуцлагын талаар мэдлэг, ойлголт авч, харилцан ярилцав.
 
Монгол Улсын Их Хурал 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталсан бөгөөд уг Хөтөлбөр нь 10 зорилго, 46 зорилттой үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх бодлогын томоохон баримт бичиг юм. “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт хамрагдахгүй төрийн байгууллага, албан тушаалтан нэгээхэн ч үгүй. Өнөөдрийн сургалтад оролцож байгаа эрх бүхий албан тушаалтнууд нь Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хамтран үр дүнтэй хэрэгжүүлэхэд голлох үүрэгтэй” гэж Авлигатай тэмцэх газрын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар М.Даваатогтох онцлон хэллээ.
 
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын эрх бүхий албан тушаалтан Д.Болор-Эрдэнэ “УИХ-аас батлагдсан авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах чиглэлээр нийт эрх бүхий албан тушаалтнуудад тусгайлан сургалт зохион байгуулсан нь зөв зүйтэй арга хэмжээ болж байна. Засгийн газраас 5Ш ажиллагааны хүрээнд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж батлан, цаашид Хөтөлбөрийн зорилтуудыг үр дүнд хүргэхэд эрх бүхий албан тушаалтны хувьд идэвхтэй хамтран ажиллах болно” гэж ярив.
 
Улсын хэмжээнд төрийн нийт байгууллагад авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлан таниулах, албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах чиг үүрэгтэй 1700 гаруй эрх бүхий албан тушаалтан ажиллаж байна.
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2019-02-14
Эрэн сурвалжилж байна