/ Бидний тухай / Чуулгын танилцуулга / Чуулгын танилцуулга

Чуулгын танилцуулга

 СҮЛД ЧУУЛГЫН

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

 

     МАХН-ын IX их хурлаас Үндэсний соёл, боловсролыг хөгжүүлэх тухай асуудлыг тусгайлан хэлэлцэж, улмаар Засгийн газраас 1936 оныг соёл, боловсролын он болгон зарласантай холбогдуулан БНМАУ-ын Дотоод явдлын яамны сайдын 26 дугаар /1936/ оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 125 тоот тушаалаар Улсын цагдан сэргийлэх газрын харьяанд сэргийлэхийн сайн дурын уран сайханчдаас бүрдсэн Цагдан сэргийлэх клуб байгуулагдсан нь өнөөгийн Сүлд чуулгын үндэс суурь болсон.

 

      Тус клубээс Төрийн шагналт, Монгол Улсын Ардын жүжигчин Г.Гомбосүрэн, Төрийн шагналт, Ардын жүжигчин, шударга хөгжимчин Ц.Дашдулам, Төрийн шагналт, зохиолч, төр нийгэм, соёлын зүтгэлтэн С.Удвал, ард олондоо “алиа” хэмээн хүндлэгддэг Ардын жүжигчин Ж.Данзан, улсын циркийн амьтан тоглуулагч Монгол Улсын Гавьяат жүжигчин Ц.Цэрэндорж нар ажил амьдралынхаа анхны гарааг эхэлж, Монгол Улсын Гавьяат жүжигчин Л.Нямсүрэн нарын зэрэг Монголын урлаг, соёлын олон алдартнууд төрөн гарсан түүхтэй.

    Цагдаагийн байгууллага нь хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхдээ цагдаагийн алба хаагч, иргэд, олон нийтийн оюуны эрэлт хэрэгцээ болсон урлаг, соёлын хүмүүжүүлэх, төлөвшүүлэх, идэвхжүүлэх үр нөлөөг ашиглаж олон нийтийн оролцоо, дэмжлэг, туслалцааг авах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын сурталчилгааг сайжруулах зорилгоор Цагдаагийн Ерөнхий газрын даргын 1991 оны б/110 дугаар тушаалаар “Үлээвэр найрал хөгжмийн хамтлаг”-ийг байгуулсан билээ.

    Цагдаа, дотоодын цэргийн анги салбаруудын ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд үйлчлэх үндсэн чиг үүрэгтэй үлээвэр хөгжмийн салааны үүрэг чиглэл нилээд өргөжиж, мэргэжлийн түвшинд үйл ажиллагаа явуулах хэрэгцээ, шаардлага улам нэмэгдсэнээр хөгжмийн хамтлагийг ЦЕГ-ын даргын 1994 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн тушаалаар цагдаагийн бүрэлдэхүүнд оруулж, хошууч генерал Б.Пүрэв, Нийслэлийн цагдаагийн газар, 801 дүгээр хорооны удирдлагын санаачлагаар “Сүлд” чуулгыг Нийслэлийн цагдаагийн газрын бүтцэд шинэчлэн байгуулсан юм. Улмаар ЦЕГ-ын Эргүүл хамгаалалтын газрын дэргэд 45 хүний бүрэлдэхүүнтэйгээр өргөжүүлж төв, орон нутгийн хэмжээнд урлаг, соёлын үйл ажиллагаа илүү идэвхтэй явуулж ирсэн юм.

    Чуулга нь 1999-2005 онд Цагдаагийн Ерөнхий газар Монголын нээлттэй нийгэм хүрээлэн /Соросын сан/-тэй хамтран хэрэгжүүлсэн “Цагдаа, олон нийтийн хамтын ажиллагаа” төсөл, хөтөлбөрийн хүрээнд хууль тогтоомжийг иргэдэд сурталчлан, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэхэд урлаг, соёлын үйлчилгээ үзүүлэн чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд чуулгын урлаг, соёлын үйлчилгээ нь цагдаагийн алба хаагчийн ёс зүй, ерөнхий соёлын түвшинг дээшлүүлэх, тэдэнд урлаг, уран сайхны мэдрэмж, гоо зүйн боловсрол олгох, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрөөж, алжаалыг нь төдийгүй стресст орохоос урьдчилан сэргийлж, ажлын үр өгөөжийг дээшлүүлэх арга хэмжээ болохыг тогтоосон юм.

    Иймээс Цагдаагийн байгууллага иргэд, олон нийттэй харилцаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх, байгууллага, алба хаагчдын үйл ажиллагааг иргэдэд сурталчлан, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, оюуны соёл эзэмшүүлэх, авьяас билгийг нээн илрүүлэхэд нь туслалцаа үзүүлэх зорилгоор 2006 онд “Цагдаа, олон нийтийн сургалт, соёлын төв”-ийг цагдаагийн байгууллагын бүтцэд байгуулж, 2009 онд “Сүлд” чуулгыг орон тооны хувьд дахин бэхжүүлж, шинэчлэн зохион байгуулсан юм.

    “Сүлд” чуулгын уран бүтээлчид 2009 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд улсын болон олон улсын чанартай уралдаан тэмцээнд өндөр амжилтыг үзүүлж ирсэн.

    Тус чуулгын Уран сайхны удирдагч, найруулагч, цагдаагийн хошууч, Тэргүүн зэргийн  “Чингис хааны одонт” Г.Ариунбаатар нь М.И.Глинкийн нэрэмжит “Олон улсын дуурийн дуулаачдын XXIV уралдаан”-д “Тэргүүн байр” эзэлж, МУ-ын Гавьяат жүжигчин цолоор шагнуулсан нь чуулгын залуу уран бүтээлчдэд бодит үлгэр жишээ болсон төдийгүй хийж бүтээх хүсэл эрмэлзлэлийг бадраасан юм.

    Түүнчлэн чуулгын дуучид АНУ-ын Нью-Йорк хотод зохион байгуулагдсан “Gerda Lissner” сангийн нэрэмжит Олон улсын мэргэжлийн дуулаачдын уралдаан, М.Могамаевийн нэрэмжит “Олон улсын дуурийн дуулаачдын уралдаан”, МУГЖ О.Ичинхорлоогийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдаан, “Байкаль” Олон улсын дуурийн дуулаачдын II уралдаан, Олон улсын эстрадын дуу дуулаачдын “Белый месец” уралдаан, СССР-ийн Ардын жүжигчин Ким Базарсадаевын нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын V уралдаанд, СССР-ийн Ардын жүжигчин, профессор Д.Л.Линховоины нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын XII уралдаан, “Олон улсын мэргэжлийн дуулаачдын  III уралдаан”, МУСГЗ Л.Балхжавын “My voice” ОУ-ын уралдаан, “Учиртай гурван толгой”, “Монгол туургатны дууны их наадам”, “Universe best songs”, “Толин хул минь уу зээ”, “Залуу рок, поп дуучдын уралдаан”, “XX зууны шилдэг 25 дуу”, хөгжмийн зохиолч Б.Дарамзагдын нэрэмжит МУ-ын Хөдөлмөрийн баатар, АЖТШ Д.Лувсаншаравын нэрэмжит “Мэргэжлийн дуулаачдын улсын анхдугаар уралдаан”,  МУ-ын Төрийн соёрхолт, УГЗ, Тэргүүн зэргийн “Чингис хааны одон”-т хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит “Сэрсэн тал” мэргэжлийн дуу дуулаачдын улсын уралдаанд тус тус оролцож “Гран-при” шагнал-2, “Тэргүүн байр”-8, “Дэд байр”-ын шагнал-9, “Гутгаар байр”-4, “Шилдэг оролцогч”-6 уран бүтээлч тус тус хүртсэн.

     Мөн чуулгын дуучин цагдаагийн дэд ахлагч М.Бямба-Эрдэнэ “Авьяаслаг Монголчууд” шоуны шилдэг 32 оролцогчийн нэгээр шалгарсан амжилтыг үзүүлсэн.

     2017 онд МУГЖ Г.Ариунбаатар  нь Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын Уэлсийн нийслэл Кардиф хотноо хоёр жил тутамд зохион байгуулагддаг “BBC Cardiff Singer of the World” уралдааны Романсын төрөлд тэргүүн байрын шагналыг хүртэн дэлхийн шилдэг 5 дуучны нэгээр шалгарсан юм. 

    Чуулгын дуучин, цагдаагийн дэслэгч, МУСТА Ц.Амарболд БНХАУ-ын Нингбо хотын Ард түмний засгийн газраас зохион байгуулсан олон улсын дуурийн дуулаачдын "А" зэрэглэлийн “Ningbo Music international central vocal competition -2018” уралдаанд 17 орны 368 дуучинтай өрсөлдөн "Тэргүүн байр" эзлэж, Хятад дууг хамгийн сайн дуулсан “Шилдэг дуучин" номинаци хүртэж, “хос шагналтан”-ы эзэн болсон.

   Тус чуулгын бүжигчид 2011 онд МУАЖ, ТС, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит “Бүжиг дэглээч болон гоцлол, цөөхүүл бүжигчдийн улсын III уралдаан”-ны гурвал бүжгийн төрөлд “Тэргүүн байр”, бүжиг дэглээчийн төрөлд “Дэд байр”, Бүх ард түмний XIII спартикиадын “Спорт бүжиг”-ийн төрөлд “Тэргүүн байр”, 2016 онд зохион байгуулагдсан МУАЖ, ТС, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит “Бүжиг дэглээч болон гоцлол, цөөхүүл бүжигчдийн улсын IV уралдаан”-аас хоёрол бүжгийн төрөлд “Тэргүүн байр”, “Дэд байр”, дэглээчийн төрөлд “Тусгай байр”, 2018 онд “NOMADIC BALLET” продакшнаас зохион байгуулсан Сонгодог бүжгийн мэргэжлийн болон сонирхогчдын NOMADIC BALLET улсын III уралдааны 2 төрөлд тус бүр I байрыг эзэлсэн юм. 

   Бүжигчин, цагдаагийн дэд ахлагч Ё.Дамчаабадгар ОХУ-н Кемерова хотод зохиогдсон олон улсын “Ступени” гоцлол бүжигчид,  дэглээчдийн VII уралдаанд орчин үеийн бүжгийн төрөлд “Тэргүүн байр” улмаар энэхүү бүжигчин нь Монголын урлагийн зөвлөл, АНУ-ын элчин сайдын яам хамтран зохион байгуулсан “Моушн Монголия” орчин үеийн бүжгийн олон улсын наадмын бүжгийн бичлэгийн уралдаанд “Тэргүүн байр”,  МУГЖ Д.Алтанхуягийн санаачлагаар Монгол улсын БСШУСЯамны ивээл дор “Монголын балетын хөгжил сан”, Дуурь бүжгийн эрдмийн театр, “Монголын олон улсын тэмцээн зохион байгуулах хороо” хамтран зохион байгуулсан Монголын олон улсын балетын гоцлол бүжигчдийн анхдугаар уралдаанд 11 орны 400 гаруй бүжигчидтэй өрсөлдөж контемпорари бүжгийн төрөлд “Мөнгөн медаль” хүртсэн юм.

   Түүнчлэн Баянхонгор аймагт зохиогдсон Төв Халхын нэрт бүжиг дэглээч, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Балжирын Дэлэгдорж агсны нэрэмжит Улсын анхдугаар уралдаанд бүжигчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцон "Гранпри" шагнал гардлаа.

    Чуулгын хөгжимчдөөс ОХУ-ын Братск хотод зохион байгуулагдсан мэргэжлийн үлээвэр хөгжимчдийн “Сибирские Фанфары” уралдааны “Тэргүүн байр”-ын шагнал-2, “Үлээвэр гоцлол хөгжимчдийн анхдугаар уралдаан”-д гоцлол хөгжмөөр “Дэд байр”-ын шагналыг 2 хөгжимчин, ардын язгуур урлаг, Post ethnik чиглэлээр хосолсон уран бүтээл туурвидаг “Монгол онгод” хамтлаг нь 2011, 2013 онд ОХУ-ын Буриад улсын Улан-Үдэ хотод уламжлал болгон зохион байгуулагддаг “Дэлхийн амьсгал” Хөөмэйчдийн Олон улсын IV, V уралдааны хошой “Дэд байр”, Ардын язгуур урлагийн хамтлагуудын дунд зохион байгуулагдсан мэргэжлийн хөгжимчдийн уралдаанд “Тэргүүн байр”-ын шагналыг тус тус хүртэж, Монгол HD телевизээс зохион байгуулсан “Авьяаслаг Монголчууд” шоу-уралдаанд үзэгч түмний таашаалыг хүртсэн “Шилдэг оролцогч”-оор шалгарсан юм.

    Энэ хугацаанд тус чуулгын ахмад уран бүтээлч, дуучин, цагдаагийн ахлах ахлагч МУСТА Б.Цэвэлмаа нь МУ-ын Гавьяат жүжигчин цол, 2019 онд чуулгын дарга, цагдаагийн хурандаа, яруу найрагч, МУСТА Л.Гаваасүрэн нь Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртсэн болно.

 

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН СҮЛД ЧУУЛГА

Статистик мэдээ
  • 2019-02-14
Эрэн сурвалжилж байна