/ Бидний тухай / Даргын мэндчилгээ /

Манай чуулгын сайтаар зочилж байгаа эрхэм хүндэт таны энэ өдрийн түмэн амар амгаланг айлтган мэндчилье

2021.03.22                                                                            Улаанбаатар хот

 БНМАУ-ын Дотоод явдлын яамны сайдын 1936 оны 125 тоот тушаалаар Улсын цагдан сэргийлэхийн харьяанд сэргийлэхийн сайн дурын уран сайханчдаас бүрдсэн “Цагдан сэргийлэх клуб” байгуулагдсан нь өнөөгийн манай чуулгын үндэс суурь болсон юм.

 Цөөн хүнтэй жижигхэн клубээс мэргэжлийн урлагийн чуулга болтлоо хөгжиж ирсэн он жилүүд бол манай чуулгын бахархалт түүхийн он жилүүд байсан бөгөөд өдгөө 85 жилийн ойн  босгон дээр тулж ирээд байгаа юм. Энэ хугацаанд манай чуулгаас төр засаг, ард иргэд, тив дэлхийд нэрээ дуурсгасан мэргэжлийн өндөр ур чадвартай олон арван алдартнууд төрөн гарч бидний үеийн үлгэр дууриал болж байна.

 Манай чуулга байгуулагдсан эхэн үед Төрийн шагналт, ардын жүжигчин   Г.Гомбосүрэн, Ардын жүжигчин Ц.Дашдулам, Төрийн шагналт, төр нийгмийн зүтгэлтэн С.Удвал, “Алиа” хэмээн алдаршсан ардын жүжигчин Ж.Данзан, Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Цэрэндорж, Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Нямсүрэн нар ажил амьралынхаа гарааг эхлэж ажиллаж хөдөлмөрлөж байсан түүхтэй.

 Хожмоо Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Цэвэлмаа, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Л.Гаваасүрэн, Монгол улсын гавьяат жүжигчин, Чингис хаан тэргүүн зэргийн одонт Г.Ариунбаатар нар төрөн гарч ахмад үеийнхээ баатарлаг дайчин уламжлалыг үргэлжлүүлж байна.

 Манай чуулга нь бүжиг, дуу, хөгжмийн гэсэн мэргэжлийн 3 ангиас бүрддэг бөгөөд дэлхийн шилдэг болон эх орны уран бүтээлчдийн зохиол бүтээлээс бүрдсэн бүрэн хэмжээний уран бүтээл туурвих чадвартай бөгөөд жил бүр олон улсын,  дотоодын мэргэжлийн урлагийн чиглэлээр явагдсан тэмцээн уралдаанаас тэргүүн байрыг хүртсээр байна.

 Бид орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсан түүхт 100 жилийн ойгоо угтан чуулгынхаа гадаад дотоод орчин, техник технологид шинэчлэл бүтээн байгуулалт хийж, уран бүтээлийнхээ  санг баяжуулж түүхэн дуулалт дууль, кино коцерт, бүжгийн чуулбар бүхий хүндэтгэлийн тоглолт тавих, Цагдаагийн байгууллагын музейг орчин үеийн инноваци нэвтрүүлсэн шинэ дэглэлтээр дэлгэн үзүүлэхээр бэлтгэж байна.

 Та бүхэн манай чуулгын сайтад байнга зочилж шинэ мэдээ мэдээлэл, урлагийн тоглолт, музейн шилдэг үзмэр сонирхож цагийг таатай өнгөрүүлж “Үргэлж бидэнтэй хамт байгаарай”

 

 

Таныг хүндэтгэн ёсолсон:

 

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН “СҮЛД” ЧУУЛГЫН ДАРГА,

MОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН,

ЦАГДААГИЙН ХУРАНДАА Г.ЭРДЭНЭБААТАР

Статистик мэдээ
  • 2019-02-14
Эрэн сурвалжилж байна