/ Цагдаагийн музей / Музейн танилцуулга / МОНГОЛЫН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН МУЗЕЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

МОНГОЛЫН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН МУЗЕЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

ЦАГДААГИЙН МУЗЕЙ

Тус музей нь Монголын түүхийн салшгүй нэг бүрэлдэхүүн хэсэг болсон Монголын цагдаагийн байгууллагын баялаг түүх, дурсгалт эд өлөг, баримт материалыг цуглуулах, судлан шинжлэх, дэлгэн үзүүлэх, сурталчлах, соён гэгээрүүлэх үүрэг зорилго бүхий соёлын байгууллага юм.

ЭРХЭМ ЗОРИЛГО :

Музей нь Монгол төрөөс ард иргэдийнхээ амар тайван амьдрал, нийгмийн сайн сайхны төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, бахархам гавьяа байгуулсан цагдаагийн үе үеийн алба хаагчид, цагдаагийн байгууллагын түүхэн замналыг сурталчлах, холбогдох эд өлгийн зүйлсийн хайгуул судалгаа хийж сурвалжлан олох, хадгалж хамгаалах, судлах, дэглэн үзүүлэх, ирээдүй хойч үеийг эх оронч үзлээр хүмүүжүүлэх, алба хаагчдын албаараа бахархаж, албандаа хүндэтгэлтэй хандах итгэл үнэмшлийг төлөвшүүлэх, уламжлалыг өвлүүлэх зорилготой ажилладаг.

ЗОРИЛТ :

  • Хөгжлийн алсын хараа, хүний хөгжил, инновацийн менежмент, шинэ технологид суурилж, ажил, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх
  • Судалгааны ажлын үр дүнг нэмэгдүүлж, “Музейн боловсрол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, гадаад, дотоод харилцааг хөгжүүлэх, цагдаагийн байгууллагыг сурталчлах   

 

ХҮРЭХ ҮР ДҮН : 

   Цагдаагийн музейн үзүүллэг, үзэсгэлэн, тэдгээрийн үйл ажиллагааны цар хүрээ өргөжиж, ажил, үйлчилгээний чанарт ахиц гарснаар эд өлгийн зүйлсийг үзүүллэгийн эргэлтэд оруулж, гадаад, дотоод харилцааг бэхжүүлж, Арван тавны цагдаагаас үүсэлтэй цагдаагийн байгууллагын түүхэн уламжлалыг алба хаагчид, олон нийт, хүүхэд залуучуудад таниулж, эх оронч үзлийг төлөвшүүлнэ.

ЦАГДААГИЙН МУЗЕЙН ТАНИЛЦУУЛГА

   1982 онд НАХЯ-ны Музей байгуулагдаж, уг музейд цагдаагийн байгууллагын түүхэнд холбогдох зарим нэг үзмэр тавигдсанаар Цагдаагийн музейн эхлэл тавигдсан. Цагдаагийн байгууллага харьяандаа музейтэй болох тухай ЦЕГ-ын дарга, хошууч генерал Б.Пүрэвийн 1992 оны 59 дүгээр тушаал гарч, тамгын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Баярмагнайгаар ахлуулсан комисс томилогдон ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа Б.Энх-Амгаланг комиссын нарийн бичгийн даргаар ажиллуулсан байна. /зураг ЦЕГ-ын дарга, хошууч генерал Б.Пүрэвийн 1992 оны 59 дүгээр тушаал/

 

 

   1996 оноос Музей байгуулах ажлыг ЦЕГ-ын Ахмадын хороонд гэрээгээр хариуцуулж, ахмадын байгууллагын 30 жилийн ойгоор музейн нээлтийн ёслолын ажиллагаа болж анхныхаа үзэгчдийг хүлээн авсан түүхтэй. 

   Монголын Цагдаагийн байгууллагын түүх нь Их эзэн Чингис хааны үеийн хэвтүүл цэргээс уламжлалтай.

    Тус музейд 1850 онд үндэс суурь нь тавигдаж “дээд газраас ирсэн зарыг иргэдэд хүргэх, хэв журам сахиулах, хэрмэл цагаачдыг хөөн зайлуулах, онц ноцтой хэрэг, зөрчлийг холбогдох газарт нь мэдээлэх” үүрэг бүхий “Арван тавны ажиг”-ийг Богд хааны зарлигаар 1865 онд татан буулгаж Түшээт хан, Сэцэн хан, Эрдэнэшанздавын газраас тодорхой тооны шилдэг хүмүүсийг томилон орон тооны цагдааг бий болгосон нь “хүрээний тойрон газрыг 15 хэсэгт хувааж хэсэг тус бүрийн хэв журмыг сахиулах”  үүрэгтэй “Арван тавны цагдаа”-гийн үүсэл болсон тухай, Богд хаант Монгол улсын үеийн цагдаагийн байгууллагын зохион байгуулалт, хүрээний тойрон газрыг цагдан сэргийлэх хуультай болсон тухай, явган, морьт цагдаа, цагдаагийн дарга нар, ардын хувьсгалын өмнөх үеийн цагдаагийн түүхэнд холбогдох үзмэрүүд музейд нилээдгүй байр суурийг эзэлдэг.

    1921 онд “Сэргийлэх морьт цэрэг”-т жанжин Д.Сүхбаатараас нэгэн чухал даалгавар өгсөн нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах “Галтай булнай”-н бэлчирт бүгэж байсан цагаантны үлдэгдлийг устгах үйл хэрэгт жанжны удирдлага дор 200 шахам цагдаа Ардын журамт цэрэгтэй хамтран цагаантантай байлдаж эрэлхэг гавьяа байгуулсан түүхтэй. Энэхүү бахархам үйл явдлыг

Үндэст газарт бөхлөж залав

Үүлтэй тэнгэрт сүслэж тахив

Үеийн үед дурсаж бэхлэв

Үл мартахыг захиж мөнхлөв хэмээн “Сэргийлэх морьт цэргийн дурсгалын хөшөө”-г босгосон билээ.

/зураг “Сэргийлэх морьт цэргийн дурсгалын хөшөө”-ний зураг/

   Музейд тавигдсан үзмэрүүдээс Арван тавны цагдаагийн хувцас, хэрэглэл, Хаант Орос улсаас бэлэглэсэн түгшүүрийн дохио өгөх зориулалттай хонх, цагдаагийн байгууллагыг удирдаж байсан үе үеийн дарга нар, тухайн үед илрүүлж байсан ноцтой хэргүүд, цагдаагийн ажилтнуудын хэрэглэж ирсэн техник, холбооны хэрэгслүүд, хэргийн газрын үзлэгийн цүнх, чемоданууд, холбооны станцууд он дарааллаар, галын болон автын техник хэрэгслүүд, цагдаагийн ажилтны үе үеийн хувцас форм, мөрдэс, цагдаагийн ажил, үүрэгтэй холбогдож гарсан түүхэн ном, товхимолууд, цагдаагийн байгууллагын шагнагдсан тугнууд, цагдаагийн байгууллагаас төрж гарсан гавьяат хуульчид, генералиудын зургийг тавьж мөнхжүүлсний дээр цагдаагаас төрсөн эрдэмтдийн тухай, албадуудын үүссэн он цагийн хэлхээс, цагдаагийн албанд ашиглагдаж байсан буу зэвсгүүд, тамга тэмдэг, дардас, гадаад улс, орнуудын цагдаагийн байгууллагын эмблем, дурсгалын зүйлс, гэмт этгээдүүдийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан буу, хутга, зодооны хэрэгсэл зэрэг сонирхолтой үзмэрүүдийг дурьдаж болно.

   Цагдаагийн байгууллага, алба хаагчдын бахархал болсон цагдаагийн албанд он удаан жил, үр бүтээлтэй, нэр төртэй ажилласан генерал А.Думбурай, С.Бүдрагчаа, Б.Даваасамбуу, хурандаа С.Рэнцэнхорлоо нарын зэрэг ажилтнуудын дурсгалд зориулж, тэдний эдэлж хэрэглэж байсан хувцас, одон медаль, буу, цаг, үзэг, бичсэн ном зохиолуудыг дэлгэн үзүүлсэн булантай болно.

    Цагдаагийн байгууллагаас 2006 оноос эхлэн 330 гаруй цагдаагийн алба хаагчид Олон Улсын Энхийг дэмжих ажиллагаанд амжилттай үүрэг гүйцэтгэж ирсэн бөгөөд алба хаагчдын өөрсдийн санаачлагаар байгуулсан “Энхийг сахиулагч” булан бий.

 

     Музей нь өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, албан үүргээ гүйцэтгэж яваад амь нас нь эрсдсэн алба хаагчдынхаа гавьяат үйлсийг мөнхжүүлсэн    

“Тангарагийн чинь хуудсанд гарын чинь үсэг тод

    Та нарын нэр, мөр жагсаал дундаа мөнх” гэсэн бичвэр бүхий “Бид мартахгүй” алдрын танхим, үзүүллэгийн хэсэгтэй.

 

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН СҮЛД ЧУУЛГА

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2019-02-14
Эрэн сурвалжилж байна