/ / ЭМГЭНЭЛ

ЭМГЭНЭЛ

Монголын нэрт хөгжмийн зохиолч, удирдаач, Монгол Улсын Ардын жүжигчин, Чингис хааны академийн гишүүн, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны анхны гишүүн, профессор, хурандаа Пүрэвжавын Хаянхярваа 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өвчний улмаас таалал төгсөж, Монголын их урлагт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Ардын жүжигчин П.Хаянхярваа 1935 онд Улаанбаатар хотноо мэндэлсэн.
1955 онд Офицерийн сургууль, 1961 онд Москва хотноо П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн их сургуулийн Цэргийн хөгжмийн факультетэд суралцан дүүргэсэн.
1947 оноос Цэргийн ерөнхий сургуулийн Хөгжмийн салаанд сурагч, 1950 онд Үлгэр жишээ хөгжмийн анхны хөгжимчдийн нэг, 1955-1957 онд Монголын ардын армийн дуу бүжгийн ансамбльд хөгжимчнөөр ажиллаж байгаад 1957 оноос Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимд Туслах удирдаачаар дэвшин, офицерийн албанд томилогдсон.
• 1961-1972 онд Монголын ардын армийн дуу бүжгийн ансамбльд Найруулагч, Уран сайхны удирдагч,
• 1972-1978 онд Зэвсэгт хүчний жанжин штабын Цэргийн хөгжмийн албаны дарга бөгөөд Ардын армийн ерөнхий удирдаач, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн Уран сайхны удирдагч,
• 1978-1981 онд Улсын дуурь бүжгийн академик театрт Уран сайхны удирдагч,
• 1981 оноос Монголын ардын армийн дуу бүжгийн ансамбльд Уран сайхны удирдагч,
• 1990 оноос Үндэсний дуу бүжгийн “Түмэн эх” чуулгын дарга,
• 1995 оноос Цагдаагийн ерөнхий газрын харьяа дуу бүжгийн “Сүлд” чуулгын даргаар тус тус ажиллаж байв.
Удам залгасан цэргийн хөгжмийн удирдаач тэрээр “Цэргийн нөхөр Цэрэнтэйгээ”, “Дайчин алдарт эскадриль”, “Их говийн гарнизон”, “Ардын арми”, “Хонгор нутгийн түмэндээ” зэрэг түмэндээ алдаршсан олон арван дууны бүтээлүүд, “Украйн бүжгийн чуулбар”, “Төрсөн өдөр”, “Анчин” зэрэг бүжгийн хөгжмүүд, “Цэргийн хүү”, “Хүндэтгэн угтах марш”, “Дотоодын цэргийн жавхлант марш” зэрэг үлээвэр найрал хөгжимд зориулсан дан маршууд, магтуу, удиртгал хөгжим, киноны болон циркийн хөгжим зэрэг 1000 гаруй бүтээлийг туурвиж, олон зуун бүтээлийн найруулжуулга хийжээ.
Мөн 1959 оноос эхлэн хөгжмийн урлагийн болон бусад сэдэвт ном зохиолууд 40 гаруйг хянан тохиолдуулж, хөгжмийн шүүмж судлалын талаар олон арван нийтлэл бичсэн нэрт эрдэмтэн байлаа.
Авьяас билэгт хөгжмийн зохиолч П.Хаянхярваа нь Хөгжим бүжгийн дунд сургууль, Соёлын коллеж, “Их засаг” их сургууль, “Бэрс” дээд сургууль, “Мюзик холл” дээд сургуулиудад багшилж, олон мянган хөгжмийн мэргэжилтэн, соёл урлагийн мэргэжилтэн бэлтгэх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулсан шилдэг эрдэмтэн, профессор багш юм.
Монголын соёл урлагийг хөгжүүлэх, хөгжмийн урлагийн залгамж халааг бэлтгэх, цэрэг эх орны сэдэвт бүтээлийн урын санг баяжуулахад оруулсан түүний үнэтэй хувь нэмрийг төр засгаас үнэлэн Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны одон, Байлдааны хүндэт медаль, Халхын голын ялалтын түүхт ойн медалиуд, Улс хувьсгалын болон Ардын армийн ойн медалиуд болон бусад шагналуудаар шагнаж, 1979 онд “Урлагийн гавьяат зүтгэлтэн” цол, 2008 онд “Ардын жүжигчин” цол хүртээжээ.
Ардын жүжигчин П.Хаянхярваагийн дундаршгүй авьяас билэг, өргөн их мэдлэг, мятаршгүй дайчин чанар, хүнлэг сайхан сэтгэл, Монголын их урлагийн төлөө зориулсан нөр их хөдөлмөр зүтгэл, туурвисан бүтээл бүхэн бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.
Урлагийн тэнгэрт тодоос тод гэрэлтсэн аугаа хүмүүн таны газарт босгосон бүтээлийн суварга, дэлхийд үлдээсэн ариун үйлс бүхэн ашид мөнх орших болно.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН "СҮЛД" ЧУУЛГА

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2019-02-14
Эрэн сурвалжилж байна