/ / “ЗАЛУУ НАС ЗОЛИОС БИШ”

“ЗАЛУУ НАС ЗОЛИОС БИШ”

“Саяхандаа, телевизээр мэдээ харж байтал “Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн байранд иргэн Ц нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын биед хүнд гэмтэл учруулаад зугтжээ” гэх мэдээллийг олж сонсоод, эвийдээ эвий миний хүүгээс ялгаа юу байхав, яагаад ийм үйлдэл гаргавдаа гэж бодон сэтгэл зовнин суулаа.

Шөнийн 2 цагт утас дуугарав. Өнөөх уншсан мэдээг хүү маань үйлджээ. Миний хүү юу хийх нь энэ вэ? Би одоо яах вэ? Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу энэ орчлонд миний хийсэн л үйлийн үр байхдаа гэж цурхирав.

Тэрүүхэн үед бид яагаад ийм байдалд хүрсэнээ мэдэхгүй зүгээр л хүү минь яачихавдаа яагаад, яагаад... миний л буруу гэж өөрийгөө зэмлэж, дотроо уйлахаас өөр юу ч хийж чадахгүй байгаа би энэ бүгдийг эргэцүүлэн бодох сөхөө орлоо.

Хоёр дүүгийнх нь төлөө хань бид хоёр нойр хоолоо хасан ажил хийж, амьдралаа залгуулахдаа хүүгээ умартаж орхижээ. Энэ л үед хүү минь найз нөхдөө хэрхэн зөв сонгохоо ч мэдэхгүй буруу замруу аль хэдийн орсон байв. Архи гээч зүйл ямар хортойг, найз нөхөд гэдэг ямар хүчтэйг яг л энэ үед ойлгож ухаарсан юм.

Нөхөр бид 2 ганц хүүгээ юугаар ч дутаагаагүй өсгөсөн дөө. Идмээр байгаа зүйлийг нь идүүлж, өмсмөөр байгаа хувцасыг нь өмсгөж, ёстой л хүний дор оруулахгүй юм шүү гэсэндээ өөрсдөө ч идэх хоолоо хасан байж хүүхдийнхээ төлөө бүхнийг зориулдаг байсан.

Миний хүү ч дэндүү ухаантай. Хичээлдээ сайн гэж жигтэйхэн бас урлаг, спортын авьяастай. Эцэг, эхийн хурлын үеэр багш нар ам уралдан магтаад л хүүгээрээ бахархахын сацуу ханиа бас өөрийгөө хааяа урамшуулдаг байлаа. Хүү минь мундаг эр хүн болж байгаа юм байна даа, би ч буруу эрхлүүлээгүй л юм байна гэж боддог байлаа.

Гэтэл энэ бодол хэдхэн сарын дотор үгүй болов. Өнөө магтаж, сайшааж байсан багш нар намайг дуудаж хүүхдээ манай сургуулиас шилжүүл. Ангийнханаа дагуулж тэнэж байна, PC тоглоомын газарт хонож байна гэх боллоо.

Арай гэж арван жилийнх нь сургуулийн төгсгөв. Гадаад явж сурна гэж зөрүүдэлсээр Оросын холбооны улсыг зорив. Тэнд ч мөн хэл ам гаргасан бололтой, удалгүй буцаад ирэв.

Залуус нас чинь чиний буруу, муу явж байгаан золиос биш шүү дээ хүү минь. Хүний утсан чинээ улаан амь юу юунаас ч илүү үнэ цэнэтэй. Ижийгээ уучлаарай анхаарал, халамж муу байсан бол, хүүгээ том эр болсон гэж бодсон юм. Энэ л алдаа байж хүү минь гэх эх хүн”.

Аав, ээждээ амттай хоол цай, бээлийн чинээ дүү нартаа дуртай чихэр, жимсийг нь бариад ордоггүй хэрнээ хааяа нэг халамцуу орж ачлалт аав, элбэрэлт ээжийнхээ сэтгэлийг чилээж, хэдэн дүү нараа айлган сүрдүүлдэг юм биш биз.

Би залуу хүн юм чинь ингэх ёстой тэгэх ёстой, өөрийн хүссэнээрээ байх эрхтэй гэж хээв нэг даналзаж байна уу даа.

Хааяа нэг үнэртүүлж ордог байсан хүү маань одоо байнга л согтуу ирж байна. Хаана хэнтэй, юу хийж явааг мэдэх юм алгаа. Аав нь ч аргаа барж байна гээд алагхан нүднээсээ нулимс бөмбөрүүлэн суух эх хүний нулимсыг харах юутай уйтай, юутай харуусал вэ?

Бусдын биед санаатай болон санамсаргүй хохирол учруулвал Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэг: Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг

11.1 дүгээр зүйл.Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах

1.Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

2.1.энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн;

2.2.хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн;

2.3.бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн;

2.4.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн;

2.5.энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар: -Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно.

11.2 дугаар зүйл.Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах

1.Өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

11.3 дугаар зүйл.Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах

1.Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

11.4 дүгээр зүйл.Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах

1.Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

2.1.энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар;

2.2.хохирогчийг тохуурхан доромжилж;

2.3.бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

11.5 дугаар зүйл.Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах

1.Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулж хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл болгоомжгүй учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заасан байдаг.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Filomena:
164.92.156.61
https://rocketqueen-1.win/
2024-03-03 13:13:21
Lazaro:
164.92.156.61
https://rocketqueen-1.win/
2024-03-12 23:40:54
Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2019-02-14
Эрэн сурвалжилж байна